Төв аймгийн музейн түүхэн замнал

Төв аймгийн Музей анх Төв аймгийн бага хурлын тэргүүлэгчдийн даргын 1951 оны 05-р сарын 04-ны өдрийн 05 тоот шийдвэрээр Орон нутгийг судлах кабинет нэртэй байгуулагдаж /хавсралт -Төв аймгийн архив Ф¹1, ХН-233, ху 5/ , 1966 оноос ОНС музей болон өргөжиж , 1991 оноос Төв аймгийн музей болсон ба одоо аймгийн Төв музей, 1972 онд Богд хан уулын Манзуширын аманд байгуулагдсан Байгалийн музей, 1992 онд байгуулагдсан шашны Сэрүүн лаврин музей, 1993 онд байгуулагдсан Угсаатны зүйн музей гэсэн салбаруудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутаг сурталчлах кабинет:

Төв аймагт ОНСК-ийг анх байгуулах үед орон нутгаас Түвд ном голдуу ирж байснаас гадна байгалийн баялаг болон чулуу, шохой, шороон будаг, нүүрсний дээж, ан амьтны чихмэл /4 төрөл/, түүхийн холбогдолтой 10 гаруй зүйлийн цуглуулгатай болсон боловч эхний үед олон түмэнд үзүүлэн сурталчлах ажил хараахан зохиогдоогүй зөвхөн хадгалах төдий байжээ. Харин МАХН-ын ТХ-ны улс төрийн товчоо 1956 оны 10 сарын 28-ны өдөр Соёлын яамны ажлын тухай Соёлын яамны сайд н.Сосорбарамын илтгэлийг сонсож хэлэлцээд “… Аймаг хотын захиргаад нь соёл гэгээрлийн байгууллагуудыг байнгын удирдлагаар хангаж, тэдний ажилд тогтмол хяналт тавихгүй байгаа бөгөөд орон байр, эд материалын, боловсон хүчний нөхцөл бололцоогоор хангаж ажиллуулах явдалд анхаарал тавихгүй байгаагаас орон нутаг дахь соёл гэгээрлийн байгууллагууд зохион байгуулалт үйл ажиллагааны хувьд хангалтгүй, ялангуяа аймгууд дахь номын сан, орон нутаг сурталчлах кабинетууд, дүрслэх урлагийн салбар нь материалын хангамж туйлын дорой байна.” гэж тэмдэглээд орон нутаг дахь соёл гэгээрлийн байгууллагуудыг удирдах удирдлагыг тодорхой болгохын тулд аймгууд дахь орон нутаг сурталчлах кабинет, номын сангуудыг аймгийн гүйцэтгэх захиргаанд санхүү, аж ахуйн талаар шууд харъяалуулан, Соёлын яамны зүгээс зохион байгуулалт ба аргачилсан удирдлага, тэдний ажиллагаанд чухал хэрэгцээтэй материалуудаар хангаж байхыг заажээ. Энэхүү тогтоол гарсны дараа Төв аймгийн Намын хорооны товчооны гишүүд 1956 оны 12 сарын 16-ны өдөр хуралдаж Орон нутаг сурталчлах кабинетын ажлын талаар тогтоол гаргаж, эрхлэгч Х.Дашзэвэгт өргөн олны туслалцаатайгаар ОНСКабинетыг 1958 оны 1-р улиралд багтаан ОНС музей болгон өргөжүүлэх, музей байгуулах эскиз /загвар/ төлөвлөгөөг Соёлын яамны дэмжлэг туслалцаатайгаар 1957 оны 3 сарын 1-ний дотор боловсруулан Намын хороогоор батлуулах, музей байгуулахад шаардагдах барилга, тоног төхөөрөмж, хэрэгслэлийг бэлтгэн төсөвийг оруулж төлөвлөх, орон нутгийн ашигт малтмал, баялгийг хуримтлуулж, музей байгуулах ач холбогдол, музейн талаар ярианы сэдэв 3-аас доошгүйг боловсруулан бэлтгэх, орон нутагт байгаа идэвхитэн, сурвалжлагчидтай байнгын холбоо тогтоож, эрдэм шинжилгээний ажил ба цуглуулгын ажилд иргэдийг идэвхитэй оролцуулах, одоо байгаа болон нэмэгдэж ирсэн цуглуулгаар бүрдсэн үзмэрийг 1957 оны 2 сарын 1-ний наана дэглэж зохион байгуулах зэрэг тодорхой үүрэг өгчээ. Уг тогтоолоор сум бүрд 5 хүний бүрэлдэхүүнтэй идэвхитэн сурвалжлагч нарыг бий болгох, орон нутагт байгаа булш, хиргисүүр, пайлуур, хөшөө, эвдэрсэн хот балгас, бичиг зурагтай хад зэргийг бүртгэн дансалж хамгаалах, үзмэр цуглуулах, бүртгэн судлах, хамгаалах, эрдэм шинжилгээний яриа таниулгын ажлыг 1957 оны 4 сарын 1-нээс эхлэн явуулахыг ОНСКабинет, сумдын намын хороо үүрүүдэд даалган, ОНСК-ын эрдэм шинжилгээний зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, эрт дээр үеийн түүхийн олдвор, байгалийн баялаг болон ашигт малтмал, өвс ургамал, ан амьтныг олж илрүүлж байхыг аймгийн бүх хөдөлмөрчдөд үүрэг болгожээ.

Эдгээр тогтоол шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлж байсан тухайгаа тус ОНСК-ын эрхлэгчээр ажиллаж байсан Х.Дашзэвэг гуай ийнхүү дурсан :

“1956 оны 11 сарын 24 байсан шиг санагддаг юм.Аймгийн намбын хорооноос нэг дуудаж, тэнд очвол товчооны гишүүдээс гадна аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Л.Жигжид нар байлаа. ОНСКабинетын эрхлэгчээр ажиллуулъя, урьд нь байсан Цэдэв шиг идэвхи санаачлагагүй байж болохгүй, сайн ажиллаж ОНСК-ын ажлыг өөд нь татах хэрэгтэй гэсэн даалгавар авч 12 сарын 1-нд кабинетын ажлыг багш Дамбийгаас хүлээлгэн өгөхөөр хариуцлагатай нарийн бичгийн дарга Жигжид, гэгээрлийн хэлтэсийн байцаагч Л.Балдан нарыг томилж, аймгийн клубын дарга, найруулагч нарын өрөөний буланд байгаа нэг шүүгээг онгойлгуулан дотроос нь юмыг нь гаргуулан данслан хүлээлгэж өгсөн юм. Тэр нь юу байв гэвэл. Идэвхитний бүртгэл гэсэн арван хэдэн хүний нэртэй нимгэн дэвтэр, даавуу сонинд хэсэг хэсгээр боосон хаанаас авсан нь мэдэгдэх мэдэгдэхгүй жаал жаалхан шороо чулуу, Монголын газрын жижиг зураг, дээврийн ваар, тоосгоны хагархай гэх мэт зүйлүүд , мөн түүхийн дурсгалын зүйлийн бүртгэл гэсэн дэвтэрт чулууны бичиг, хөшөөтэй газрын нэрсүүд, орон нутгийн идэвхитний мэдээ гэсэн цөөвтөр зүйл тэмдэглэсэн дэвтэр зэрэг зүйлийг шүүгээний нь хамт авч, юмаа хий гэж аймгийн дарга Чойдог агуулах байсан жижиг шургааган байшин зааж өгснийг тэр үеийн номын худалдаа хариуцсан Шарав, дүрслэхийн Шагдарсүрэн зэрэг хүмүүсээр шавардуулан янзалж байртай болоод үзмэр цуглуулахаар Баянцагаан, Авдарбаян, Баянбараат, Галтбадрах, Борнуур, Жаргалант, Баянчандмань сумдаар явж, мөн татан буугдаж тарсан Сэлэнгэ аймгийн ОНСК-ын үзмэрийн үлдэгдлээс том жижиг хагархай 2 Хүннү ваар, буриад эмэгтэйн хуучин дээл, анчин хүний цахиур буу, хот цэнэг, хаш тээг зэрэг зүйлүүдийг олж ирэн нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, О.Намнандорж нараар Төв музейнхэнтэй яриулж байж тэднийхэнээс тэрэгний цөн, хазаарын амгай, хуучин муу хорго 5 ширхэгийг олж авчиран засуулж тавин ОНСК-ын дүрэм гэсэн зааврын шинжтэй монгол үсгээр машиндсан хэдэн хуудас бичиг Төв музейгээс авч удирдамж болгон, эрдэмтэн Х.Пэрлээ, О.Намнандорж нараас түүх, газарзүй, байгалийн баялагийн талаар зөвлөлгөө авч тэр болгоныг ажилдаа тусган тэдгээр хүмүүсийн зөвлөснөөр түүх, байгаль, хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүс, зарим байгууллагын удирдлага, багш нар оролцсон кабинетын зөвлөл, бага дунд сургуулийн эрхлэгч, захирал, түүх газарзүйн багш нар, клуб улаанбулангийн эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй идэвхитний хэсгийг зохион байгуулж заавар журмын дагуу тэдэнтэй уулзаж ярилцаж зөвлөлдөн хийх ажлаа улирлаар төлөвлөн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж ажилладаг байлаа. Зөвлөлийн гишүүд идэвхитнүүдтэй хамтран байгууллагуудын сонсголын цагаар, гэр хорооллын айлуудаар оройн цагаар явж байгалийн болон түүхийн дурсгалт зүйл гэж юу болох, кабинетын ажлын тухай яриа таниулга хийхийн зэрэгцээ ном судар, хүрэл зэв, зоос, сийлбэр, үндэстэн ястны хувцас, хэрэгслэл зэргийг цуглуулан тодорхой хаягтайгий нь кабинетдаа хэрэглэж, цуглуулсан зүйлээ эмхлэн цэгцэлж, төрөлжүүлэн дансалж, үзмэрт тавихыгаа ялгаж, илүү гарсныг нь улаан тамхины 2-3 том авдарт хийж хадгалдаг байсан бөгөөд үзмэр цуглуулахад нүүдлийн киноны эрхлэгч Гүржав ганц “Полу” машинаараа явж их тус болдог байлаа. Төсөв мөнгө гэхээр тоймтой юмгүй, аль нааш харсан сайн нөхдийн тус дэмжлэгээр ийнхүү нилээд юм цуглуулж, өөрийн байрандаа үзмэрээ зохион байгуулж байрлуулан кабинетаа анх нээж намын хорооны товчоог урьж үзүүлэхэд Рагчаа дарга сайшаан гудамжны хивсээр шагнаж байсан билээ” гэж бичжээ. /Х.Дашзэвэг “Дурьдатгал” 1997 он/

1956 онд аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрийн бүтээгдэхүүн голчлон 100 гаруй үзмэртэй үйлдвэр, ХАА-н үзэсгэлэн гаргасан ба 1957 онд тусгай байр гарган өгч кабинетаас олон түмэнд үйлчлэх ажиллагаа тогтмолжиж иржээ. 1958 оноос Сэлэнгэ аймгийн клубын эрхлэгч байсан Жадамбаа ОНСК-ын эрхлэгчээр ажиллах болжээ.1960-1961 онд аймгийн МАХН-ын хороо, АДХГЗ-аас онцгой анхаарч, орон нутгийн төсвөөр 770 хавтгай дөрвөлжин метр талбайд музейн том хэмжээний шинэ барилга бариулж дотоод төхөөрөмж, зохион байгуулалтанд маш их өөрчлөлт хийгдсэн бөгөөд жилээс жилд үзмэрээ нэмэгдүүлсээр түүх, байгаль, ан амьтан, шашин, үйлдвэр, хөдөө аж ахуй, орчин үеийн урлаг зэрэг 8 булан зохион байгуулагдан өөрийн аймгийн түүхийн болон соёлын дурсгалт зүйл, ард түмний аж амьдрал, орчин үеийн ололт амжилтыг олон түмэнд харуулж чадахуйц үзмэртэй болжээ.

Орон нутаг судлах музей:

1965 оны 10 сарын 15-ны өдөр МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчоо хуралдан “Музей кабинетын ажлын байдал, түүнийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” асуудал хэлэлцэн музей кабинетын ажлын ололт дутагдлыг дүгнэн тэдгээрийн хөгжлийн чиглэл, хэтийн төлөвийг заасан тогтоол гаргаж, аймаг хотын музей кабинетыг удирдах зорилгоор Музей удирдах газрыг байгуулсан нь музейн түүхэнд шинэ шатыг нээжээ.

Төв аймгийн ОНС кабинетыг МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 308-р тогтоол, Соёлын яам ба Шинжлэх Ухааны Академийн 01/04-р хурлын тогтоолууд болон Музей удирдах газрын 13-24-р албан даалгавруудыг удирдлага болгон аймгийн орон нутаг судлах музей болгон өргөтгөсөн бөгөөд БНМАУ-ын Соёлын яамны сайдын тушаалаар 1966 оны 8-р сарын 15-нд улсын дансанд бүртгэжээ.

Музейг байгуулах үед төв орон нутгийн үнэмлэх бүхий идэвхитэн сурвалжлагчид 84 хүн байсны дотор зохион байгуулагч, дарга, багш, хүний эмч, анчин, малчин, агрономич, жолооч, кино механикч, номын санч зэрэг олон төрлийн мэргэжилтэй хүмүүс байв. Музейн зөвлөлийг байгаль түүхийн багш, хүн малын эмч, архивын эрхлэгч зэрэг 7 хүнтэйгээр шинэчлэн байгуулжээ.Энэ үед эрхлэгч, тайлбарлагч, цэвэрлэгч гэсэн 3 орон тоотой ажиллаж байсан ба эдгээрээс дунд боловсролтой 2, бага сургууль төгссөн 1 хүн байжээ. Соёлын яамны харъяа Музей удирдах газрын даргын тушаалаар Төв аймгийн музейн ажлыг шалган тусалж зааварлах ажлаар 1968 оны 2 сарын 12 ноос 16-ныг хүртэл ажилласан тус газрын мэргэжилтэн н. Сандагсүрэн, Лувсанноров нарын илтгэсэн тайланд “… Тус музейд ажлын сайн талууд байгаа боловч нилээд дутагдал оршиж байна.Үүнд: ажиллуулбал зохих орон тоо фондчин, сэлбэн засагч нэгийг тус тус аваагүй…” /Улсын түүхийн архив Ф-388, Д¹1, ХН- / гэснээс үзвэл 1970 -аад он хүртэл орон тооны сан хөмрөгч байхгүй зөвхөн эрхлэгч нь хавсарч хийдэг байжээ. 1966-1968 оны хооронд Жаргалант, Баяндэлгэр, Баянжаргалан, Өнжүүл, Эрдэнэсант, Батсүмбэр, Баян, Баянчандмань сум сангийн аж ахуйнуудад, 1973 онд Бүрэн, Дэлгэрхаан сумдад, 1974 онд Заамар, Угтаал, Мөнгөнморьт сумдад, 1975 онд Баянзүрх, Эрдэнэ сумдад, ОНСКабинет байгуулагдсан ба 1981 онд Бүрэн, Лүн сумдын ОНСК-ыг тохижуулах ажилд аймгийн ОНСМузейгээс заавар зөвлөлгөө өгч, арга зүйн туслалцааг биечлэн өгч байжээ. 1985 онд Архуст, Угтаал, Мөнгөнморьт сумдад кабинет тохижуулж байжээ.

Музейг удирдан зохион байгуулж байсан дарга нар

ОНС кабинетын эрхлэгчээр 10-н жилийн дунд сургуулийн байгаль хиймийн багш Дамбий анх томилогдон ажилласан.

Түүнээс хойш 1957-1958 онд ОНС кабинетийн эрхлэгчээр МУСТА Хандын Дашзэвэг, 1958-1972 онд ОНС кабинетаас ОНС музейн эрхлэгчээр Далантайн Жадамбаа,

1972-1978 онд МУСГЗ Дугарсүрэнгийн Шагдарсүрэн,

1978-2002 онд МУСТА Гомбожавын Эрдэнэбат нар ажилласан бөгөөд

2002-2011МУАБ-ын болон МУСТАжилтан Нацагийн Дашлэгцэгмаа

2010.11-2011.8 сар хүртэл С.Сувдаа

2011,09 сараас одоог хүртэл Нацагийн Дашлэгцэгмаа томилогдон ажиллаж байна.