Төв аймгийн музей

Төв аймгийн музей нь Бага хурлын Тэргүүлэгчдийн даргын  1951 оны шийдвэрээр Орон нутаг судлах  кабинет нэртэй байгуулагдсан. Тус кабинетыг  БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын тушаалаар 1966 онд Орон нутаг судлах  музей болгон өөрчлөн зохион байгуулж, 1991 оноос “Төв аймгийн музей” болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, жилдээ 18000 орчим үзэгчдэд үйлчлэж соёлын  өвөө сурталчлах, танин мэдэхүйн ажил явуулж байна.

Музейн сан хөмрөг5381 ширхэг үзмэртэй.Үүний 8.8 % урлаг, уран сайхан, 46.7% түүхийн, 12.1% угсаатны зүйн, 19.7%шашин, шүтлэгийн, 3.1% археологийн дурсгал, 9.3% байгалийн дурсгал эзэлдэг.

Төв музей нь байгалийн 2, түүхийн 4 болон түр үзэсгэлэнгийн танхимнийлээд долоон танхимтай. Музейн байгалийн танхимд Төв аймгийн нутаг дэвсгэр дэх геологи эрдэс баялаг, гоёл чимэглэлийн чулуу болох усан болон утаат болор зэрэг олон төрлийн ашигт малтмалуудын дээжис, одоогоос 30-130 сая жилийн өмнө амьдарч байсан хирсний толгойн болон хавирганы яс, үлэг гүрвэлийн өндөг, дэлхийд ховордсон “Улаан ном”-д бичигдсэн дархан цаазтай амьтан “Тахийн унага”-ны чихмэл, араатан амьтан, жигүүртэн шувууд, “Гүнжийн сүм”-ийн макет,  “Есөн эрүү шүүлт”-ийн 60 жингийн гинж гэх мэт үзмэрүүдийг дэлгэн тавьсан байдаг. Түүнчлэн Төв аймгаас төрсөн соёл, урлаг, спорт, төр нийгмийн зүтгэлтнүүдийн тухай үзэж болно.

Тус музейн үзмэрүүд дотор айргийн 7 л багтаамжтай шанага, Хүннүгийн үед хийгдсэн “Ваар”, XIX зууны үеийн “Ганзай” торгон зээгт  наамал   зэрэг  олон сонирхолтой  үзмэрүүд байдаг. Монгол Улсын  Засгийн газрын 2013 оны  227 дугаар тогтоолоор  тус музейн “Өндөр гэгээний чогсом” зэс хөөмөл, алт шармал бүтээлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр баталсан. Уг бүтээлийн төв хэсэгт Өндөр гэгээнийг голлуулан дарнатын хувилгаад, монголын найман Богд Жавзандамбын хувилгаадыг хагас ингэмэлээр товойлгон цутгасан.

Манзушир салбар музей

Дэлхийн шим мандлын нөөц газар, монголын дархан цаазат Богд хан уулын  өвөрт  200 гаруй жил оршин тогтносон Манзушир хийдийн туурийг түшиглэн Зуунмодны аманд 1973 онд “Байгалийн музей”, 1992 онд “Шашины музей”-уудыг тус тус байгуулсан.

Байгалийн музейн үзүүллэгт БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач,  барималч, Д.Шагдарсүрэнгийн урлан бүтээсэн байгалийн баялаг, мод, ургамал, элс чулуу болон ан амьтдын гаралтай зүйлсээр хийсэн олон үзмэр тавигдснаас гадна сэтгүүлч, сурвалжлагч О.Сумьяагийн  модны үндэс, ур, мөчир ашиглан хийсэн бүтээлүүд, чихмэлийн мастер Я.Цэвэл, Н.Долгорсүрэн нарын хийсэн хөхтөн болон туруутан амьтдын чихмэлүүд бий. Музейн гадна  VI-VIII зуунд  холбогдох Түрэгийн үеийн Яст мэлхий, XIX зууны сүүл үед хамаарах Чулуун пайз, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан Тээрмийн чулуу мөн Монголын хамгийн том тогоо байдаг. Уг тогоо нь 2 тонн жинтэй, багтаамж нь 1800 литрийн багтаамжтай.

Манзушир хутагтын зуны өргөө “Сэрүүн лаврин”-гийн туурин дээр байгуулагдсан “Сэрүүн лаврин” шашны музейд хийдийн 1920-иод оны гэрэл зургууд, хийдийн туурь болон хаданд байсан бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэглэн үзүүлсэн  байна. Мөн Чулуу шавар түүхий тоосгоор 1760 онд барьсан Цогчин дуганы балгас ба бусад барилгын үлдэгдэл, уулын энгэрт хадан дээр сийлсэн бурхадын  зурагнууд  байдаг.