Төв аймгийн нутаг дэвсгэр нь газар зүйн хувьд Монгол орны зүүн хойд төв хэсэгт орших бөгөөд Хангай Хэнтийн уулархаг муж, Дорнод Монголын талын мужид хамаарагдана. Аймгийн төв Зуунмод хот нь Богд хан уулын өвөрт д.т.д 1529м өндөрт Улаанбаатар хотоос 43 км зайд оршдог. Тус аймгийн хилийн нийт урт нь 1552 км, газар нутгийн хэмжээ нь 74,8 мянган ам дөрвөлжин км, түүний 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг тал хээрийн бүс эзэлдэг. Тус аймаг нь эртний хүмүүсийн идээшин суурьшсан уугуул нутгийн нэг тул түүх, соёлын үнэт дурсгал болох Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үеийн археологи, палеонтологиийн олдвор, дөрвөлжин булш, хадны зураг, булш хиргисүүр, буган чулуу, хүн чулуу, эртний хотын туурь, бууц суурин, сүм хийд, хөшөө дурсгалууд маш элбэг байдаг. Эдгээрээс Улсын хамгаалалтад авсан 15, аймгийн хамгаалалтад авсан 6 дурсгалт газар байх бөгөөд цаашид сум, орон нутгийн хамгаалалтад авах шаардлагатай түүх, соёлын дурсгалт газрууд олон бий. Үүнд:

УЛСЫН ХАМГААЛАЛТАД:

1.Өнгөтийн цогцолбор:

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын хойд хөндийн Өнгөт уулын бэлд энэхүү дурсгал оршино. Анх 1891 онд илрүүлж олсноос хойш эрдэмтэд судлаачид удаа дараа үзэж, судлан их бага хэмжээгээр малтлага хийж байсныг олон ном зохиолд тэмдэглэжээ. Дурсгалын ерөнхий хэлбэр, зохион байгуулалт, хүн чулууд болон бусад хөшөөний хийц загвар, тайлгын зан үйл зэргээс үндэслэн VII зууны дунд үеийн Дорнод Түрэгийн хаант улсын үед хамаатай болохыг судлаачид тогтоожээ.

 

2.Морин толгойн олон үед холбогдох булшнууд:

            Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Морин толгой уул оршино. Толгойн энгэрт 120 гаруй дөрвөлжин булш, гурван буган хөшөө, тэдгээрийн зүүн талд зэргэлдээ  24 хүннүгийн булш оршино. Эдгээр дурсгалыг 1924 онд Г. И. Боровка анх үзсэн бөгөөд 1975 онд Эрхүүгийн их сургуулийн багш В.В. Свинин, 1983 онд Монгол, Зөвлөлтийн археологичид, 1989 онд Хүннүгийн дурсгал судлах Монгол-Унгер-Зөвлөлтийн хамтарсан ангийнхан удаа дараа малтлага хийж хэд хэдэн булшыг шинжилсэн. Малтлагын явцад олон дурсгал олдсоны нэг сонирхолтой олдвор нь ясаар сийлж хийсэн “Хэл хуур” юм.

3.Ноён уулын булш:                                                                            

ХХ зууны хориод онд Батсүмбэр сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь нарс модоор зааж хийсэн Хүннүгийн Язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12м ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. 1924-1925 онд Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол – Түвдийн экспедиц тус ууланд  200 гаруй булш байгааг тогтоосон юм. Малтлагаар ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ зэрэг олдворууд илэрсэн нь олон улсын эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсаар байгаа бөгөөд Монголын хосгүй үнэт дурсгалын нэг билээ.

1927 онд А.Д. Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы дотор талыг тайлан уншихад МЭ I зуунд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ.

4.Гуа дов эртний хотын туурь: 

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хүннүгийн үеийн хотын үлдэгдэл юм. Дурсгал байрлах газар нь Хэрлэн голын баруун эрэг дагуух нам дор, тэгш дэвсэг бөгөөд энэ хэсэгт гол салаалж урсах тул голын салааны дундах газрыг нутгийн иргэд “Цагаан арал” хэмээн нэрлэдэг ажээ. Түүнээс гадна уг дурсгалыг нутгийнхан “Чингис хааны отгон охины орд” хэмээн домоглодог байна. Анх 1920-иод онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан О.Жамъян бөөгийн дуудлаганд гардаг “Хуа добун” хэмээх газрын тухай сураг гаргаж хайсаар олж үзсэн байдаг. Харин 1952 онд Х.Пэрлээ судалгаа хийж, дурсгалын дэвсгэр зургийг үйлдэн, сорилын малтлага хийж Хүннүгийн үед холбогдохыг тогтоожээ. Тэрээр уг дурсгалыг малтан судалсны дараа Хүннүгийн үеийн тахилга мөргөлийн холбогдолтой дурсгал хэмээн таамаглажээ.

Гуа довын дурсгалт газарт 2013-2016 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн баг археологийн болон гео-физикийн судалгаа хийж анх хэрэм хэмээн таамаглаж ирсэн дөрвөлжин хэлбэрийн хүрээ нь хэрэм бус 4 талдаа 2 давхар сүрлэг өндөр вааран дээвэртэй хаалгатай, зэрэгцээ олон багана бүхий вааран дээвэрт саравчит хашаа болохыг тодруулсан байна. Мөн судалгааны явцад хашааны төв хэсэгт нэгэн том барилга, түүний зүүн хажууд туслах барилгатай, хашааны гадна талд ч хэд хэдэн барилга байгааг илрүүлсэн бөгөөд хашааны зүүн өмнөд буланд хүний гараар бүтээсэн цөөрөм байсныг тогтоожээ. Улмаар уг дурсгалыг тахилга мөргөлийн газар бус “Хүннүгийн язгууртны зуны орд” хэмээх дүгнэлтийг хийсэн байна. (Г.Эрэгзэн /Ph.D/)

5.Гашуун балтастайн Түрэгийн үеийн гэрэлт хөшөө:

            Түрэгүүдийн үлдээсэн дурсгал манай нутагт их бий. Эдгээрийг ерөнхийд нь тахил тайллагын зориулалттай газрууд болон булш оршуулга, бичиг үсгийн дурсгал хэмээн ялгаж үздэг. Тахил тайлгын зориулалттай газар гэдэг нь нас барсан хүний сүнсийг амаржуулах зорилготой олноор цуглан тахилга хийдэг “онгон” хэмээх тусгай чулуун байгууламжууд юм. Энэ нь булшнаас ялгаатай зүйл бөгөөд тухайн хүний зэрэг дэв, угсаа гарвалаас хамаарч 4 хавтан чулууг газарт хайрцаглан зоож хийсэн дөрвөлжин хашлага, түүний өмнө талд хүн чулуу босгож, хөшөөний өмнө талаас наран ургах зүгийг чиглүүлэн гонзгой чулууг цувруулан зоосон (үүнийг балбал буюу зэл чулуу гэнэ) бүтэцтэй энгийн хийцтэйгээс тусгай хэрэм, тахилын сүм, эгнэсэн олон хүн чулуу, гэрэлт хөшөө зэргээс бүрдэх томоохон цогцолбор хүртэл их бага янз бүрийн хэмжээтэй байна.

Төв аймгийн Баянцагаан сумын нутаг, Өлзийт нуурын хойно, зүүн хойд талдаа Балтастайн уулстай энэхүү дурсгал нь энгийн хийцтэй 3 хэсэг хөшөө чулуунаас бүрдэх бөгөөд 1 чулуу нь унаж хугарсан байдалтай.

  1. Хүүхэн хонгорын хүн чулуу:

Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 30 гаруй км зайтай Хүүхэн хонгор уул оршдог. Энэ уулын бэлд өвөрмөц хийц донжтой хоёр хүн чулуу байх бөгөөд 4м голчтой дүгрэг чулуун булшин дээр нэг хүн чулууг суулгаж, нөгөө нь сул хэвтэнэ. Тус бүр өөр өөр өнгийн элсэн чулуугаар хийгдсэн эдгээр хүн чулууг Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн хангайн анги 1988 онд анх судлан тодорхойлсон байна. Өндөр нь 100см, мөрний өргөн 45см, баруун гараа цээжний өмнө барьж зүүн гараа өвдөг дээрээ тавин түшлэгт сандалд суусан хүнийг урлажээ. Сул хэвтэх шаргал өнгийн элсэн чулуун хөшөө хүн чулууны их биеийн доод хэсэг алга болж, толгой нь салж унасан, 78*42*30см хэмжээтэй энэ чулууг анх нэлээд ур чадвартай  ур гарган урлаж хийсэн бололтой бөгөөд түшлэгт сандалд сууж баруун гараа нугалан цээжний өмнө хундага маягийн сав барьж зүүн гараа өвдөг дээрээ тавьжээ.

  1. Бороогийн суурин:

Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйгаас хойш, 30 км зайд Бороо голын баруун эрэг дээр бий. Энд цагаан чулуу гэгдэх Бороо гол  руу харсан амны адагт Бороогийн алтны уурхайн хуучин төв байдаг бөгөөд тэнд дэрс, халгай ургасан дов, хонхор ихтэй хэсэг газраас янз бүрийн хээтэй шавар ваар савны хагархай, малын яс зэрэг зүйл ихээр олдож байсныг археологич Ц.Доржсүрэн 1966 онд үзэж он цагийн хувьд Хүннү улсын үед холбогдох хот суурин газар болохыг тогтоосон байна.

 

 

  1. Цогтын хадны бичээс:

Халхын Баарай хошуучийн хүү Цогт 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж яваад өндөр уулан дээр гарч нэгэн шүлэг цээжээр зохиосныг хамт явсан Эрх хиа гэгч бичиж авч дараа нь 1624 оны хаврын тэргүүн сарын шинийн 18-нд Дайчин хиа Гүенбаатар хоёр тэр шүлгийг одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Дуутын хар чулуу хэмээх хаднаа сийлэн бичиж үлдээсэн нь өдгөө тэнд бий. Монгол бичгийн долоон бадаг 28 мөр шүлэгийг сударлан авсныг хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн нэгэн сарын 18-аа Дайчин хиа, Гүенбаатар хоёр хаданд бичбэй* хэмээжээ. Оросын Монголч эрдэмтэн В.Л.Котвич 1912 онд нэгэн бичигтэй чулуу байдгыг сонсож, судлуулахаар хуулбарыг  Эрдэмтэн Б.Я.Владимирцовт өгөв. Б.Я.Владимирцовт уншаад судалгааны хамт 1927 онд нийтлүүлсэн байна. Ингэж уг бичээс уншигч судлаачдын хүртээл болсон байна. Онон мөрөнд байсан халуут эгчээ зохиогч санан мөрөөдсөн нь Цогтын хадны шүлгийн гол агуулга юм.

  1. Их Хөшөөт-Кульчурын руни бичиг бүхий гэрэлт хөшөө

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Их Хөшөөт хэмээх газарт /Улаанбаатар хотоос  баруун зүгт хоёр зуугаад  км/ орших эл дурсгалыг бас түрэг судлалын зарим ном зохиолд Куль-чурт зориулан босгосон хөшөөний түрэг бичээс ч гэдэг.  Хөшөөний өндөр нь 190 см, өргөн нь 61 см, зузаан нь 20 см. Дөрвөн талдаа бичээс бүхий байснаас хөшөөний зүүн зүг хандсан нүүрэн талд арван хоёр мөр, өмнө талд дөрвөн мөр, баруун талд арван гурван мөр, хойд талын бичээсүүд баларсан. Иймд одоо гурван талдаа нийт 29 мөр бүхий  түрэг бичээстэй.
Хөшөөг анх В.Л.Котвич 1912 онд судалж бичээсийг нь А.Н.Самойловичийн хамт орчуулан, түүний түүхэн үндэслэлийг тодорхойлж нийтлүүлсэн нь уг дурсгалын талаар шинжлэх ухааны эргэлтэд орсон анхны бүтээл болсон. Түүнээс хойш Х.Н.Оркун, С.Е.Малов, Т.Т.Екин, Е.Трыяарский, Г.Айдаров нар судалснаас гадна 1979 онд  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эртний түрэг судлалын анги газар дээр нь судалж, хэв авч, баруун талын мөрүүдийн доогуур хөндлөн бичсэн нэг мөр бичээс байсныг нэмэн олж тодруулан тайлжээ.
Эрдэмтэд хөшөөний арван дөрөвдүгээр мөрд байгаа “Сэцэн Куль-чур Тардуш түмнийг захиран суулаа” гэсэн өгүүлбэрт тулгуурлан энэхүү гэрэлт хөшөөг Куль-чур хэмээх ноёнд зориулан босгосон гэж үздэг. Уг бичээс маш их баларсан, утга төгссөн өгүүлбэр цөөвтөр, хөшөөний бичээсийг монгол хэлээр хараахан бүрэн орчуулаагүй болно. Гэрэлт хөшөөний гол агуулга нь “Чыкан Тонькук нэрийг өгсөн, Ышбара чыкан Күль-чур болсон”зэргийг хөшөөний нэг, хоёр, гуравдугаар мөрөнд тус тус өгүүлээд түүнээс хойшхи мөрүүдэд Күль-чурын аян дайн, хувцас хэрэглэл, тулалдаанд хурдан зээрд морь унаж явсан тухай, Йенчү голыг гаталж, Төмөр хаалганд, мөн Тежикт хүрч очсон, Есөн Огузад долоон удаа довтлон орсон, Хятад, Татабы, Харлуг зэрэгт хийсэн аян дайны тухай өгүүлсэн байна.
Судлаачид “Күль-чур” гэдэг үгийг гарал судлалын үүднээс тайлбарлахдаа эхний үгийг “Алдар гавъяат, алдарт” хоёр дахь “Чур” гэдгийг узбек хэлний “жура” буюу “нөхөр, найз үерхдэг хүн”, уйгур хэлний жора буюу найз, үерхдэг бүсгүй, туркмен хэлний “жора” буюу “найз” гэдэг үгтэй нэг гаралтайн дээр эртний перс, санскрит хэлний “чур чор, чура-чора”-той холбоотой гэж үздэг. Арвандөрөвдүгээр мөрд гарч байгаа “Беш балаг” гэдэг нэр нь “Таван балгас” гэсэн үг бөгөөд  тухайн үед тийм нэртэй хот байсан. Башбалаг гэдэг хотын нэр, мөн Хойд Тамирын Тайхир чулууны түрэг бичээст гардаг. Күль-чурыг улуг “их”, Ышбара, Чыкан” гэх мэт үгээр тодотгосон бол Тардушийн ноён болсон тэр үйл явдлыг өгүүлсэн арвандөрөв дэхь мөрөөс хойш түүнийг билгэ “сэцэн”гэсэн цолоор тодотгох  болсон. Мөн гуравдугаар мөрд “Их Күл чур наян насандаа тэнгэрт хальсан”, хориндөрөвдүгээр мөрд “…чур тегин, түүний хойноос дөрвөн тегин ирж  Ышбара сэцэн Күлв-чурыг оршуулсан…” гэж өгүүлс¬нийг бусад түүхэн хэрэг явдалтай харьцуулан судлаад Куль-чурыг 721 онд нас барсан гэж тогтоосон байна. Ч.Амартүвшин /Ph.D/

  1. Манзуширын хийд:

Манзуширийн хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн Их Шавийн харьяат отог одоогийн Төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын энгэрт оршино.

Чин улсын Найралт Төвийн арван нэгдүгээр /1733/ онд анх хийдийн суурийг үүсгэжээ. Манзушир хутагтын 12-р үеийн хувилгаан Лувсанжамбалданзан бээр хэдэн төвд ламын хамт ирж Богд хан уулын энгэрт Ачит Дүйнхорын булаг хэмээхийн ойр газрыг сонгож аваад цагаан чулуугаар урласан цагаан өвгөний дүрс олсон учир бэлгэшээн “Өвгөн лаврин” хэмээх сүмийг эхлээд байгуулжээ.

Уг сүмийг 1735-1747 онд барьж дуусгаy Манжийн хаанаас “Буяныг залбирагч сүм”  хэмээх нэр олгожээ. Манзушир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жибзундамбад багшаар залагдаж уул хийдийг 1750 онд түүнд өргөсөн учир Богдын их шавийнхан засаж сэлбэдэг байжээ. Манзуширын хийд 10 гаруй сүм, дацантай байв. XVIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд 1760 онд уг дуганы ард Шар хүрээ гэдэг Богдын ордонг байгуулжээ. Энэ ордонд хожим VIII Богд сууж байжээ. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг байгуулжээ. Энэ хийдэд 1000 орчим лам хурал хурдаг байсан хэмээдэг. Уг хийдийн Чогчин дуганд Цагаан дарь эх Рэгсүнгомбо лхам сахиус, алтан шунхан ганжуурууд, жүдийн дуганд гавьж аграмба мяндаг олгох хурал номтой, Бадам-ёгын дуганд ядамууд, Гүрмийн дацанд арван хангал, доодүдэв хурж сор залдаг, Өвгөн Лавринд цагаан зандан Логшир, уран Намжилдагвын бүтээсэн алтан, мөнгөн, есөн эрдэнээр үйлдсэн таван янзын Манзушир бурхантай, Манбын дацанд Оточ манла тахиж эмийн цэцэг навч өвс үндэс судлаж байжээ. Манзушир ламын шар ордонд хурал хурдаггүй. Гомбо, Чойжоо, Чадраабал голлосон 70 орчим цамтай намрын адаг сарын 19-ний өдөр цамнаж бүжиглэдэг ёс дэгтэй байсан гэдэг. Мөн сарын 29-ний өдөр Майдар эргэж мөргөлчдийг олноор цуглуулдаг байв.

Манзуширын хутагтын сүүлчийн хувилгаан Цэрэндорж нь шар шашны үйл хэргийг гүйцэтгэхээс гадна 1919-1920 онд Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 1937 онд улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн.

Манзуширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны Дотоод яамны бүртгэлд бүртгэжээ. Манзуширын хийдийн арын хадан дээр сийлсэн бурхдын зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн туурийг 1994 онд улсын хамгаалалтад тус тус авчээ. Төв аймгийн Зуунмод сумын захиргаанаас 1989 онд гэрэл зургийг үндэслэн сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Түүнийг одоо музейн зориулалттай ашиглаж байна. Одоо Манзуширийн хийдийн хурал номын үйл ажиллагаа нь Зуунмод голын зүүн хөвөөн дээр байгуулсан хийдэд явагдаж байна. (С.Чулуун /Ph.D/, Н.Маралмаа)

  1. Тэрэлжийн дөрвөлжин /Хар балгас/:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Хүннүгийн хотын үлдэгдэл юм. Тэрэлжийн гол Хэрлэн голд цутгах адаг хэсэгт голын зүүн эрэгт оршино.

Уг хотын туурийг анх 1925 онд Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов, Буриад эрдэмтэн Базар Бараадин нар олж үзэн багахан хэмжээний малтлага хийсэн бөгөөд нутгийн иргэдийн аман домогт үндэслэн “Хасар балгас” хэмээн үзсэн байдаг. Харин 1949 онд Оросын эрдэмтэн С.В.Киселев дурсгалаас олдсон олдворуудыг үзээд Хүннүгийн үед холбогдох боломжтой хэмээх таамгийг дэвшүүлсэн ба 1952 онд Х.Пэрлээ агсан археологийн сорил малтлага хийж, Хүннүгийн үед холбогдохыг баттай тогтоожээ. 2007-2008, 2015-2016 онд Монгол-Оросын хамтарсан судалгааны баг хотын дэвсгэр зургийг дахин үйлдэж, хэрэм доторх гол барилга, түүний дэргэд байрлах жижиг барилгын ором, уг барилга болон төв барилгыг холбосон байгууламжийн хэсэг зэрэг газруудад малтлага судалгаа хийсэн байна. Мөн хэрмийн дотор, хэрмийн ойр орчин зэрэг газруудад геофизик, гео соронзон үелзлэлийн тандалт хийжээ.

Тэрэлжийн дөрвөлжингийн хүрээлсэн шороон хэрэм нь тэг дөрвөлжин хэлбэртэй, хэрмийн гадуур усан татаал байсан бололтой хонхорхой бий. Шороон хэрмийн хэмжээ 235х235 м, одоо байгаа дагтаршуулсан шороон далангийн өндөр 0.6-0.8 м орчим, өргөн нь 10-12 м байна. Хэрмийн дөрвөн хананы дунд хэрд тус бүр нижгээд хаалганы ором мэдэгдэх ба хэрмийн төвд баруунаас зүүн тийш сунасан 60х32 м хэмжээтэй нэгэн томоохон барилгын ор, түүнээс баруун өмнө тийш 50 м зайд 35х30 м, 25х20 м хэмжээтэй 2 жижиг барилгын ор болох 2-2.5 м өндөртэй шороон овгор бий.

1952 онд Х.Пэрлээ агсан гол барилга, туслах барилга, хэрмийн үлдэгдэл, усан татаал зэрэг 10 газарт жижиг сорилын малтлага хийж хүн удаан суугаагүй тахилгын газар бололтой хэмээн таамаглажээ. Харин сүүлийн үед зарим судлаачид тахилгын газар бус Хүннүгийн үеийн язгууртны “өвлийн орд” хэмээн үзэх болсон байна. (Г.Эрэгзэн Ph.D)

  1. Бүрхийн дөрвөлжин хотын туурь /Хараалчын хэрэм/:

Төв аймгийн Мөнгөнморьт сум Хэрлэн голын цутгал зүүн Бүрхийн голын баруун хөвөөнд оршдог эртний дөрвөлжин хэрмийн орыг нутгийнхан нь бөө удган хоёрын суусан газар  “Хараалчын хэрэм” хэмээн домоглож нэрлэдэг. Бүрхийн дөрвөлжин бол 4 тал шороон хэрмийн ор юм. Хэмжээ нь 18*30м, 29*29м хэмжээтэй хоёр барилгын ор бий. Тэнд хийсэн 5 малтлагаар барилгын дээврийн ваарны хагархай садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон бөгөөд үүгээр нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн үеийн хэрэмтэй нэг цаг үеийнх гэж эрдэмтэд үздэг.

  1. Уянгын үзүүрийн хадны зураг:

Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс хойд зүгт 16км зайд 3-р багийн нутаг, Уянга уулын энгэр бэлээс уулын орой хүртэлх үргэлжилсэн хадан цохионд хүрлийн үед холбогдох сүг зурагтай хаднууд бий.  Хүрлийн үед амьдарч байсан хүмүүс өөрсдийн ахуй амьдрал, соёлоо хадан сийлж үлдээхдээ янгир, ямаа, буга, чоно, морь мөн ан хийж байгаа  хүнийг дүрсэлэн үлдээсэн байна. уг дурсгалыг МУ-ын Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор Улсын хамгаалалтад авсан.

 

 

  1. Тоньюкукын цогцолбор дурсгал

Төв аймгийн Эрдэнэ сум Баянцогт уулын баруун хойд /Налайхаас зүүн тийш 20орчим км зайд/ ард оршино.    Тоньюкукын бунхант энэ булш дурсгал нь Түрэгийн язгууртны нэрд гарсан иж бүрэн дурсгалын нэг бөгөөд  түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог.  Гэрэлт хөшөө нь 2 чулуун дээр нийт 8 талд нь 62 мөр бичсэн бичээстэй бөгөөд тухайн үеийн Түргийн нийгмийн байдлыг Тоньюкукын намтартай холбоогдуулан бичсэн агуулалгатай юм. Энэ дурсгалыг анх 1897 онд  Оросын судлаач Е.Н.Клеменц олж булшин дээрх гэрэлт хөшөөний бичээсийг цаасаар хэв авч гэрэл зураг татсаныг академич В.В.Радлов орчуулжэ. 1909 онд Г.И.Рамстедт, 1925 онд Б.Я.Владиморцов, Барадын Базар нар тэндээс тоосго дэвссэн шал дээврийн төрөл бүрийн ваар олжээ. Тэр цагаас хойш П.Аалго /1957/, Е.И.Убрятова нар газар дээр нь биечлэн очиж хөшөөний бичээсийг нарийвчлан судлах үйлст хувь нэмрээ оруулжээ. Барилгын шал дундаас нөмрөг тосуур ваарны захыг нийлүүлэн нааж цувруулан тавьсан усан хоолой гарсан байна. Барилгын чимэглэлээс баганын толгойд нааж чимж шавраар хийсэн өтгөн хөмсөгтэй том бүлтгэр нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай, нүүрэн чимэг зэрэгтээ 2 ба 3 гүвгэр татаж хийсэн шавар чимэг, мөн товойлгож гаргасан давхар дөрвөлжин зоосон хээтэй нүүр ваар зэрэг олон сонирхолтой олдворууд гарчээ.

  1. Гүнжийн сүм:

Дархан чин ван  Дондовдорж 1697 онд Манжын Энх-Амгалан хааны Хичээнгүй амирлангуй гүнжийг хатнаа болгон авч олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас бархад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж тэр сүмийн хөлөмжинд шарилыг нь оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэжээ. Хошуунаас нэг отог таслан сүмийг сахиулж байсны зэрэгцээ лам нар хурал хурж сүмээ байнга тахин шүтэж байсан бөгөөд мал маллах тарианы ажлыг тусгай ард сүмчид хийдэг байжээ. Гүнжийн сүмийн өрөө тасалгааны нь тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгаглагдаж байгаад 1938-1942 оны үеэр сүйтгэгдэж, тоногдосон байна. Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь: Богдын хаалганаас хоёр тийш үлгэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин м талбайтай хэрмэн доторхи гол сүм, хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин, Цмахаг, 1740 онд бариулсан “Хичээнгүй Амарлингуй гүнж”-ийн шарилын хөшөө зэрэг болно. 1979 онд ШУ-ны Хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчимд хэд хэдэн мадтлага хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Булшны байрилга байгууламж нь 7,5 м урт, 5м өргөн, 1,75м өндөрбөгөөд дотуураа тоосго өрсөн давхар өрөөтэй. Гол сүм нь дөрвөлжин хэлбэртэй 4,2м өндөртэй, 8 багантай бөгөөд урдаас хойшоо нэвт гарсан хаалгатай.

АЙМГИЙН ХАМГААЛАЛТАД:

1.Өгөөмөрийн хүн чулуу:  

Төв аймгийн Баян сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 60 гаруй км зайтай Өгөөмөрийн хөндийд дөрвөн хавтантай чулуун хашлага болон хүн чулуу бүхий эртний түрэгийн нэгэн дурсгал бий. Хүн чулууг мандах нарыг эрхэмлэдэг эртний нүүдэлчдийн уламжлалт заншил ёсоор наран гарах зүгт хандуулан чулуун хашлагын өмнө тусгай сууринд суурилуулан тавьсан нь одоо толгой нь хагаран алга болж их биеийн доод хэсэг нь газарт булагджээ.  Хүн  чулууны биеийн өндөр 95см, зузаан 52см, мөрний өргөн 61см бөгөөд доод талд нь тусгай чулуун сууринд суулгах углуурга гаргасан байна. Анх түүнийг суурилуулж байсан 100*90см хэмжээтэй голдоо 32*30см-ийн дөрвөлжин нүхтэй хавтгай дүгрэгдүү чулуу хэдэн хэсэг хагарч хажууханд нь хэвтэнэ.

  1. Багахангай, Хангайн булаг дахь хүн чулуу:

                                                     Төв аймгийн Баян сумын төвөөс баруун хойд зүгт 23,3км зайтай. Хоорондоо 14м зайтай эрэгтэй, эмэгтэй хүнийг дүрсэлсэн 2 хүн чулуу байна. Нэг хүн чулуу нь хар өнгийн боржин чулуугаар эрэгтэй хүний цээж, толгойн хэсгийг болхидуу байдлаар цоолборлож дүрсэлсэн. Зүүн гартаа хундага барьж цээжиндээ барьсан. Гарын хуруунууд болон хоёр чих зэрэг нь тодорхой харагдана. Нүүрний хэсэг дэх хацар, нүд, хөмсөг, хамар, ам болон сахал зэргийг илэрхий шинжээр тодорхойлбол язгууртан хүний омог бардам төрхийг харуулсан. Хүн чулууны нийт өндөр 93см. Нөгөө хүн чулуун нь хоёр гартаа хундага барьж цээжин тушаа барьсан. Нүүрний хэсгийг тод бөгөөд түүний дотор баруун нүдний хөмсөг нүдний уртаас илүү гаргаж дүрслэгдсэн. Хүн чулууны нийт өндөр 70см.

 

 

 

  1. Мишиг гүний хүрээ:

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875-1897 онд хошуу засгаар гүн Мишигдорж сууж байх үед энэ хийд үүссэн учир Мишиг гүний хүрээ хэмээн олонд алдаршжээ. Хүрээний бүрэн байдал ямар байсныг тодруулахад бэрхшээлтэй болжээ. 1968 оны байдлаар энд хийдийн дараахи дөрвөн барилга ор үлдэц үлдсэн байсан.

Үүнд:

  1. Улаан сахиусын сүмийн барилгыг сумын клуб болгон ашиглаж дээврийг нь өөрчилжээ.
  2. Цогчин дуган байсны суурь нь улаан сахиусан сүм (сумын клуб)-ын өмнө талд мэдэгдэхүйц овгор нуранг байна.
  3. Өөр нэг сүм хэвээр байгаа нь сумын албаны хашаан доторх барилга юм.
  4. Мишиг гүний өргөө гэх барилга хүн эмнэлгийн хашаан дотор байсан нь одоо мэдэгдэх юм алга.
  1. Сарьдагийн хийд:

            Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь тавигдаж 150 шахам нүүдэллэн 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан түүхтэй.  Тийнхүү нүүж суурьшиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтий нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийд юм. Түүхийн сурвалжид тэмдэглэснээр Халхын өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулж эхэлсэн бөгөөд 1680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. 1687 оноос Халх Ойрадын дайн болж Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол Хэнтий уул хүртэл давшихдаа Өндөр гэгээний байгуулсан хийдийг эвдэн сүйтгэсэн байна. Сарьдгийн хийдийн туйрыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний ангийнхан анх шинжин үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий, цац, барилгын дээврийн паалантай ваар болон барилгын гоёл чимэглэлийн зарим зүйлсийг олжээ. 1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун ШУА-ын Түүхийн хүрээлэн, Төв аймгийн ОНС музейтэй хамтран энд хээрийн шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ. Хийдийн арын сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд Өндөр гэгээн Халх, Ойродын самууны үед Галдан бошгитын түйвээнээс дайжин явахдаа “ум хум” гээд атга арц тэнд цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Сарьдагийн хийдийг уулын энгэр өөд өгсүүлж тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200*175м орчим талбай долоон том барилга, гурван суваргатай байжээ. Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар, янз бүрийн хэмжээний тоосго, барилгын чимэглэлийн хэсэг, алтан боронзтой дээврийн ваарны хагархай, янз бүрийн хэмжээний шавар цац олноор олддог.

5.Тогос уулын өвөр хажуугаар орших олон үеийн дурсгал:

            Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Тогос уулын өвөрт орших олон үеийн дурсгалын зүүн тал Түрэгийн үед хамаарах зэл чулуу болон толгой чулуунаас бүрдсэн тахилын онгоны хөшөө чулуу, түүнээс баруун талд зэрэгцээ орших 69м голчтой дугуй хүрээтэй, хүрээний гадна болон дотор талд 400*500см, 300*250см хэмжээтэй 2 ширхэг булштай, 18м голч бүхий овгор чулуун дараастай нийт 2 хиргисүүр байна. Мөн хоорондоо 200-аад метрийн зайтай дугуй хүрээтэй, дагуул байгууламжтай 2 хиргисүүр, толгой чулуутай 2 дөрвөлжин булш байна.

 

6.Загдалын голын чулуун хөшөө дурсгал:  

Төв аймгийн Сүмбэр сумын төвөөс зүүн хойд 26км зайд 2-р багийн нутаг, Загдалын голын баруун талд, Хуц ухант хэмээх газарт хөшөө дурсгалын цогцолбор байдаг. Түрэгийн үед холбогдох нийт 7 хөшөө дурсгал байх бөгөөд хүн чулуу, амьтаны дүрст хөшөө бий.  Уг дурсгалыг МУ-ын Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор аймгийн хамгаалалтад авсан.