Музейгээс Төв аймгийн нутаг байгалийн үзэсгэлэнт газар болон түүх соёлын дурсгалт долоон гайхамшигийн мэдээллийг бэлтгэн MОНЦАМЭ мэдээллийн агентлагийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн сэтгүүлч Т.Есүхэйтөмөрийн нийтлэлийг хүргэж байна.

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг газар нутгийн хэмжээгээр 74.042.37 км2 газар нутагтай 92832 хүн амтай Зун намрын цагт аялал жуулчлал таатай хөгжих боломжтой ба түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай. Тус аймагт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт нийт 68 газар байдгаас онцгой долоон гайхамшиг аялагч, жуулчдын анхаарлыг татдаг.

Манзушир хийдийн туурь

Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. “Манзушир” гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай нэр аж. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1733 онд Богдхан уулын энгэрт байгуулжээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдсан бөгөөд соёлын үнэт өв хэмээн 1998 онд улсын хамгаалалтад авсан.

Хустайн байгалийн Цогцолборт газар

Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим километрт оршино. Олон зүйлийн ургамал, амьтад элбэг байдаг. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн байна.

 

 

Гүнжийн сүм

Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Гүнжийн бунхны цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь дөрвөн тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Дото нь байх авс долоон давхар торгоор ороогдсон байсан бөгөөд авсан дотор нь тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байжээ. Энэ цогцос хэнийх болох нь тогтоогдоогүй боловч хэний ч гар хүрээгүй тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байна.

Зоргол хайрхан

Зоргол хайрхан уул 1668 метр өндөр бөгөөд том, жижиг гурван агуйтай аж. Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км зайд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Элсэн уулнаас 40 км зайд оршино. Мөн энд рашаантын ам гэж уул, ус мод, ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.

 

 

Чингис хааны морьт хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд орших Цонжинболдог цогцолборыг Халтмаагийн Баттулгын санаачлагаар ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг бүтээсэн юм. Чингис хааны хөшөө суурь барилгын хамт 40 метр өндөр бөгөөд цогцолбор газар нийт 212 га талбай газар хамран байрлана. Цогцолборын тавцангаас Бурхан Халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг.

 

Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш дөрвөн километрт орших Тоньюкукын гэрэлт хөшөө Түрэгийн үед хамаарах аж. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй есөн ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд одоо тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Цогт тайжийн дуутын хадны бичээс нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 км-ийн зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг.  Нутгийн ард түмэн тэр хадыг ширмэн тогоо шиг дуу авиа гаргадаг болохоор нь “Дуут” хад гэж нэрлэжээ. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг байна.

Энэ мэтчилэн түүх соёлын дурсгалт газрууд арвин байдаг бөгөөд эдгээр газруудад түшиглэн жуулчдыг татах бүрэн боломжтой гэж аймгийн БОАЖ-ын газрын дарга Ж.Даш-Яйчил хэлж байлаа. Өнгөрсөн онд Төв аймагт 37.2 мянган жуулчид зорин ирсэн бөгөөд энэ тоог энэ онд нэмэгдүүлэх талаар анхаарч түүх соёлын дурсгалт газрууд дээр түшиглэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Тэрээр онцолсон юм. Мөн аялал жуулчлалын маршрутыг энэ онд багтаан өөрчилж богино хугацаанд сонирхолтой газруудаар аялахад чиглэж байгаа гэв.