2012 онд анх Монголын Байгалийн Түүхийн Музей санаачлан зохион байгуулж байсан  улс, орон нутгийн  музейчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, уулзалт жил ирэх бүр улам өргөжин зохион байгуулалт, оролцогчдын цар хүрээ нэмэгдэж байгаа нь Монголын музей тогтвортой хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл билээ. 2017 оны 09 сарын 07-10-ны  өдрүүдэд  Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Музей ба хөгжил-2017” чуулган БСШУСЯ болон ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар ач холбогдол өгч дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, БНХАУ, ОХУ-аас музейн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид уригдан оролцож байгаа нь Олон улсын түвшинд анх удаа болж байгаагаараа онцлог юм.  Мөн Монголын музейн мэргэжилтнүүд мэргэжил нэгт нөхөддөө сурсан мэдлэгээ хуваалцах боломж олгож байгаагаараа давуу  талтай арга хэмжээ болж өнгөрлөө.

“Музей ба хөгжил-2017” чуулган нь Сэлэнгэ аймгийн Партизаны талбайд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын арга хэмжээ, захирлуудын дундах дартасын тэмцээн, Сэлэнгэ аймгийн Долгио чуулганд хүндэтгэлийн концерт, галын наадам зэрэг олон сайхан арга хэмжээнүүд хөтөлбөрийн дагуу явагдаж Төв аймгийн музейн хамт олон амжилттай оролцоод ирлээ.

  1. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь “Нийгмийн хөгжилд музейн оролцоо” сэдвийн хүрээнд Г.Батхуяг /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, Соёлын өвийн өвийн хэлтсийн дарга/ “Соёл ба тогтвортой хөгжил”, Бороноева Татьяна Анатольевна /Урлаг судлалын ухааны дэд доктор, ОХУ, Буриадын үндэсний музейн захирал, БН Буриад Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн/ “Музейн нийгэмд гүйцэтгэх үүрэг” (Буриад улсын Үндэсний музейн туршлага), Сандра Вандэрварф /АНУ, Сэргээн засварлагч, МҮМ-н зураасан кодын төслийн соёлын өвийн ахлах судлаач/ “Бруклиний хүүхдийн музейн эрдэс судлалын клуб: Их хямралын үед судлаачдыг төрүүлсэн туршлага”, Хмельницкая Ирина Богданавна /Түүхийн ухааны дэд эрдэмтэн, доцент, ОХУ, Москвагийн улсын соёлын дээд сургуулийн Музей ба соёлын өвийн хамгаалалтын тэнхимийн орлогч эрхлэгч/ “Музейн ажлын Мэдлэг ба Мэдээлэл ойлголтын тухай”, Үй-мэн /БНХАУ, Хайлаар хотын Шинэ Барга баруун хошууны Барга музейн захирал/ “Барга музей ба барга ёс заншил, зан үйл”, Мишакова Оксана Эдуардовна /Түүхийн ухааны дэд эрдэмтэн, доцент, ОХУ-ын Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн Музей ба соёлын өвийн тэнхимийн эрхлэгч/ “Музей судлаач мэргэжил олгох дээд боловсролын сургалтад төсөл хэрэгжүүлсэн туршлага” зэрэг илтгэл тавьлаа. Мөн эрдэм шинжилгээний бага хурлын дараа музейн удирдлагуудад “Музейн менежмент”, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч нарт “Музейн сан хөмрөгт зураасан кодны систем нэвтрүүлэх нь”, музейн менежер, эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч боловсролын ажилтан нарт “Музейн нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд тус тус сургалт боллоо.
  2. Энэ жилийн чуулганы бас нэгэн онцлог нь урлагийн номер байлаа. Манай музейгээс дуу, шүлэг, бүжиг гэсэн 3 төрөлд, удирдлагуудын нэрэмжит дартасын тэмцээн болон албан хаагчдын дунд зохио байгуулагдсан  спортын төрлийн гар бөмбөгийн тэмцээнд багаараа амжилттай оролцлоо.

 

АЙМГИЙН МУЗЕЙ