БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгэний хурлыг 2011 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж иржээ.

Энэ жилийн 7 дахь удаагийн зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн ажиллажээ. “Монголын археологи-2017” эрдэм шинжлгээний хурал 2018 оны 2-р сарын 1,2 өдрүүдэд МУИС-ын Төв номын сангийн хурлын зааланд болж музейн ЭША хамрагдаж, археологи, хайгуул,  судлаачдын олон сайхан илтгэлийг шимтэн сонслоо.  /1-ний өдрийн илтгэлд суусан/

Тус хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Улаанбаатар их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна.

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2017 онд хайгуул, малтлага судалгаа хийсэн 2 сумын 2 дурсгалт газар хамрагдсан байна. Үүнд:

  1. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд нар Монгол-Солоносын хамтарсан “Соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийн хүрээнд “Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 м голч бүхий чулуун дараастай булш /12м гүн/ -ийг малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III – II зуунд холбогдож байна. энэ нь цагараг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэж байна.” гэж илтгэгч Г.Эрэгзэн дүгнэсэн.
  2. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, судлаач С.Чулуунаар ахалсан баг “XVII зууны Монголын хотууд” төсөлийн хүрээнд Төв аймгйин Эрдэнэ сумын Сарьдагийн хийд, Булган аймгийн Рашаант сумын Хөгнө Тарнын “Өвгөн хийд”, Баяннуур сумынЦогтын цагаан байшинд малтлага судалгааны ажлыг хийсэн. Сарьдагийн хийдийн Цогчин дугантай залгаа орших тасалгаанд малтлага хийж язгуурын таван бурхан, гуулин чимэглэл, бурхны модон тавиур зэрэг олдворуудыг илрүүлсэн байна. Уг төслийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун анх санаачлан хэрэгжүүлж Сарьдагийн хийдийн туурьт 2013 оноос эхлэн малтлага судалгааг явуулж байгаа билээ.

Эрдэмтэн, судлаач нартаа ажлын өндөр амжилтыг Төв аймгийн музейн зүгээс хүсэн ерөөе.

 

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ