Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урд зүгт 35 километр зайд Төхөм уулын орчим оршидог.  Дуут хад хэмээн нэрлэгддэг “Цогтын хадны бичээс” нь XVII зууны үеийн Монгол бичгийн хосгүй дурсгал юм. Онон мөрөнд нутаглаж байсан халуут авга эгчээ зохиогч санан мөрөөдсөн нь Цогтын хадны шүлгийн гол агуулга юм.

Уг бичгийн дурсгалыг Халхын Баарай хошуугийн хүү Цогт 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж яваад өндөр уулан дээр гарч нэгэн шүлэг цээжээр зохиосныг хамт явсан Эрх хиа гэгч бичиж авч дараа нь 1624 оны хаврын тэргүүн сарын шинийн 18-нд Дайчин хиа Гүенбаатар хоёр тэр шүлгийг одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Дуутын хар чулуу хэмээх хаднаа сийлэн бичиж үлдээсэн. Монгол бичгийн долоон бадаг 28 мөр шүлэгийг сударлан авсныг хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн нэгэн сарын 18-аа Дайчин хиа, Гүенбаатар хоёр хаданд бичбэй” хэмээжээ. Шүлэг сийлсэн хад нь газрын гүний маш бөх чулуу бөгөөд юмаар цохиход ширмэн тогоо тэм жингэнэн дуугардаг тул Дуутын хад гэж нэрлэжээ.

Судлагдсан байдал: Шүлгийг сурвалжлан олж, Шинжлэх ухаан судалгааны эргэлтэнд оруулсан тухайд эрдэмтэн Ц.Сандаг бичхдээ:

“Оросын Монголч эрдэмтэн В.Л.Котвич 1912 онд Монголд ирээд буцах гэж байхдаа Мишиг гүний хошууны Дуутын хар чулуу гэдэг газар нэгэн бичигтэй хад байдаг мэдээ сонсжээ. Нэгэнт хугацаа давчидсан учраас тэр бичгийг хуулбарлаж илгээхийгГадаад яамны сайд Ханд вангаас хүсчээ. Ханд ван хүсэлтийг ёсоор болгож уул хуулбарыг Жамсраны Цэвээнээр дамжуулан В.Л.Котвич Оросын Археологийн нийгмийн Дорно дахины салбарын хуралдаан дээр уул бичээсийн тухай товч мэдээлэл хийсэн байна. 1925 онд жуулчин П.К.Козлов Мишиг гүний хүрээний хошуугаар уул бичээсийг гэрэл зурагт буулган авч, нэг хуулбараа эрдэмтэн Б.Я.Владимирцовт өгөв. Б.Я.Владимирцовт уншаад “Халхын Цогт тайжийн хадны бичээс” гэдэг өгүүлэл бичиж “СССР-ийн ШУХ-ийн мэдээ” сэтгүүлийн 1926 ба 1927 оны дугаарт нийтлүүлсэн байна” гэжээ. судалгааны хамт 1927 онд нийтлүүлсэн байна. Ингэж уг бичээс уншигч судлаачдын хүртээл болсоноос хойш судалгааны олон бүтээлд уг шүлгийн тухай шинжлэн дүгнэсэн  байдаг.

Шүлгийн утгын цөм нь Халуут эгчээ дурсан өгүүлсэн хэсэг юм. Ийнхүү шүлэглэхдээ судлаачдын дүгнэснээр санаагаа шууд тоочсонгүй, гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу найргийн шат дарааллын зарчмаар өгүүлсэн байна. Энэ бол утга зохиол, хэл шинжлэл, монгол гүн ухааны гайхамшигт дурсгал мөн. Энэ талаар зарим нэрт монголч эрдэмтэн, судлаачийн дүгнэлтээс дурдвал Б.Я.Владимирцов “ном бичгийн хэлийг олсон ардын дууг санагдуулам”, А.Н.Веселовский “хээр талын анхилуун үнэр” шингэсэн, Ж.Төмөрцэрэн “алс бодлоготны зөөлөн сэтгэлийн уярангуй байдал тодорхой бөгөөд Буддын шажинтны хамаг амьтныг нигүүлсэн ивээхийн бясалгалт сэтгэгдлийг гүнзгий” илэрхийлсэн сайхан яруу найраг гэжээ.  Мөн М.Саруул-Эрдэнэ энэ үнэт дурсгал “Дуутын хар чулуу” –тайгаа хамт, нүүдэлчдийн “чулуун ном” хэвээрээ, тал сайхан нутагтаа үүрд залрах болтугай хэмээн ерөөжээ.

Хадгалалт хамгаалалтын байдал: Энэ бичигт хадны орчимд түргийн үед хамаарах хадны сүг зургууд олон бий.

Анх 1971 онд БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрх улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, эрх зүйн хамгаалалтад авхад уг дурсгалыг жагсаалтанд оруулж улсын хамгаалалтад авч байжээ. Үүнээс хойш 1994, 1998, 2008 онд тус жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалатыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.5-д “Улс, аймаг,, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд тухайн дурсгалын талаарх мэдээллийг агуулсан танилцуулага, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна. Танилцуулга, тасалбар, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу хийж, байрлуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.” гэсэн байдаг.

2011 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших  Дуутын хар чулуун дээрх  “Цогтын хадны бичиг” дурсгалд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах,  сэргээн засварлах хөтөлбөр”–ийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдасаны дагуу Соёлын өвийн төвөөс боржин  чулуун  англи, монгол тайлбар, байршлын зураг бүхий танилцуулгатай 2 ширхэг самбарыг байрлуулсан. Мөн сумын иргэн Л.Энэбиш гэрээгээр хамгаалдаг.

Хаданд сийлсэн шүлгийг сийрүүлбэл

  • Дээд тэнгэр ханы аху хийгээд
  • Дэлхий дэх Хан богдсын аху газар
  • Дээр доорын ялгас болбоос бээр
  • Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй.

(Тэнгэр хүн хоёрын нэг нь дээр, нөгөө нь доор орших газрын хувьд ялгаатай боловч жаргах, хайрлах хоёрын сэтгэлийн мөн чанар адил хэмээсэн үг ажээ)

  • Агнистайн агуй дахь бодисад нар
  • Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
  • Аху газар ангид болбоос
  • Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй

(Бодьсадва, бодь сэтгэлтэн хоёрын нэг нь дээр нөгөө нь доор орших хэдий ч амьтныг асрах нигүүлсэх сэтгэл нь чанарын хувьд адил гэсэн үг ажээ.)

  • Энд хан богдсын сайн түшмэл хийгээд
  • Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
  • Ёс өнгө өөр болбоос
  • Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй

(Хааны түшмэл, эрлэгийн түшмэл хоёр өнгө дүрсээрээ өөр боловч гэмтэн болон нүгэлтний зөв бурууг ялган таньж, гэсгээн цээрлүүлэх үйлээрээ ижил гэсэн үг ажээ)

  • Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
  • Уул модонд явагч араатан хоёрын
  • Аху бие ангид болбоос
  • Алан идэхийн агаар нэгэн буй

(Хүн араатан хоёр ахуй бие ангид боловч алан идэхийг хүсэх сэтгэлийн мөн чанараар ижил)

  • Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
  • Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
  • Илт бие дүр өөр боловч
  • Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй

(Хулгайч, чоно хоёр илт биеэрээ ялгаатай боловч хулгайлах хуурах сэтгэлийн мөн чанар ижил гэсэн санааг илэрхийлсэн бөгөөд эдгээр 5 бадагт жаргах хайрлах, асрах нигүүлсэх, ялгах таних, хүсэх шунах, хуурах мэхлэхийн тухай өгүүлжээ.)

  • Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд
  • Орхон Туулд агч өвчит бид хоёр
  • Халх Онигудын газар хол болбоос бээр
  • Хайрлан санагалзахын агаар нэгэн буй

(Эгч дүү хоёрын нэг нь Онон мөрөнд, нөгөө нь Орхон Туулд газрын эрхээр хол суувч биесээ хайрлан санагалзах мөн чанар адил)

  • Энэ биендээ эс золголцвоос
  • Үүнээс хойш төрөл тутамдаа
  • Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт
  • Элдэв үйлээр туслалцах болтугай

(Хэрэв энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх охин хоёр мэт бие биенээ хайрлан явъя гэсэн санааг хэлжээ)  Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл ном