Улаанбаатараас зүүн хойш 120 орчим километрт, Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс  баруун хойш 70 км зайд 3-р багийн нутаг Хан Хэнтийн дархан цаазат газарт орших ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан  байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой

Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Түшээт ханы Чахундоржийн ач хүү Дархан чин ван Дондовдоржид 1697 онд Манж Чин улсын Энх-Амгалан хаан өөрийн охин Хичээнгүй амарлингуй гүнжийг хатан /гэргий/ болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгч, Хичээнгүй Амирлангуй гүнж тэр үүрэг даалгаварыг нь үл биелүүлсэн учир 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байдаг. Гүнж нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай, Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймд намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юм гэдэг.  Ингээд манжийн хааны зарлигаар гүнжид зориулан шарилын хөшөөг 1740 онд бариулж, 13 отогийг өөр өөр хошуунаас нүүлгэн ирүүлж, уг сүмийг сахиулсанаар “Сүмчийнхэн” гэх болж, гүнжийн шарилыг жил бүр тахиж байжээ.

Гүнжийн бунханы цогцолбор нь 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1948 оны өвөл, 1949 оны зун анх удаагаа малтлага судалгаа явуулах үед аль хэдийнээ хулгайч тонуулчдын гарт өртчихсөн байсан бөгөөд Дотоодыг хамгаалах газрынхан онгоныг хөндөж эд өлгийн зүйлийг нь авсан байна.  Онгоны үлдэгдэл нь чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богдын хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэрэг 6 байгууламжаас бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2.5м, өргөн, урт 70м бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр.   Хэрмэн дотор өмнө талд өндөр-10м, өргөн-6м, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга. Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноосоо урагш нэвт гарах замтай байна. Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош 3-4м гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотороос нь зандан модоор хийсэн авс олжээ. Шилмүүст модны давирхайгаар будаж, 9 давхар торгоор ороосон уг авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр юм юу ч үлдээгүй байжээ. Өнөөг хүртэл гүнжийн цогцосыг яасан нь мэдэгдэхгүй байгаа юм. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авс нь алтаар хучигдсан, дотор талд нь алт мөнгөөр хийсэн дүрснүүд, таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн чулуунууд байсан гэнэ. Гүнжийн булш байсан гэх газрын баруун  талаас дахиад нэг булш олдсон бөгөөд тэр дотор тарган эрэгтэй хүн завилж суусан чигээрээ оршуулагдсан байсан.  Авс нь 7 давхар торгоор ороогдсон байсан бөгөөд дотор нь тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд байсан. Хэн болох нь тогтоогдоогүй.

Дээврийн ваар: Гүнжийн сүмийн Тахилын сүмийг хөх ваараар дээвэрлэж байсан ул мөр барилгын хоёр хажуу талын ханын дээд дэлний хэсэгт үлдсэн байна. Төв аймгийн музейн сан хөмрөгт Гүнжийн сүмийн барилгын дээврийн төгсгөлийн нөмрөг болон тосгуур ваар, дунд

нөмрөг болон тосгуур ваар,  хөх тоосго, хадаас зэргээс  хадгалагдаж байна. Төгсгөлийн нүүр ваарны диаметр нь 12.5см, урт нь 23.5см, өндөр нь 7см; дунд нөмрөг ваарны өргөн нь 12.5см, өндөр нь 6.7см, урт нь 23.5см; төгсгөлийн тосгуур ваарны нүүрний өргөн нь 17см, өндөр нь 8.5см, ваарны урт нь 19см; дунд ваарны урт нь 18.5см, өргөн нь 16см байна. дээврийн төгсгөлийн нөмрөг ваарны нүүрийг бадам цэцгээр, тосгуур ваарны нүүрийг тоор жимсээр хээлсэн байна.

Гэрэлт хөшөө:  Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1.95м урт боржин мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд  талд хоёр луу байдаг. Голд нь манж болон ханзаар “Их чин улсын албат …,  …баярыг тохиолдуулан энэхүү чулуун хөшөөг босгов.” гэж бичсэн байдаг.

Чин улсын гүнжтэй холбоотой баримтууд нилээд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд сахиж “ Өглөө эрт босож, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна Чин улсын хатан хүн байсан учраас Манж Чин улсын сургааль захиасыг хамгаалан сахиж, гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээжээ. Нөгөө талаар нөхөр болох Дондовдорж нь Автай сайн хааны үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд төгс боловсорсон шүлэг яруу найрганд дуртай хүн байсан хэмээн яригддаг. Дархан чин ван Дондовдорж, Хичээнгүй Амарлингуй гүнж хоёроос  Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын 7 хүү төржээ.  Мөн нэгэн гүнж байсан гэдэг бөгөөд хожим Хотгойдын Баярт гүний хатан болсон хойно хоёрдугаар Богд төрж байжээ. Чин улсын гүнж Монголын ноёнд хатан болон ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч Монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ.

Гүнжийн сүм нь 13-р зууны үеийн  нэрт хаад хутагт хувилгаадын шарилийг суваргалан оршуулдаг Төв Азийн Монголчуудын оршуулгын зан үйл 17-р зууны хагасаас хойш шарилтай гүндэнгийн гадуур сүм барьдаг болсон шинэчлэлийг харуулж байна. Гүнжийн сүмийн өрөө тасалгааны  тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 оны үеэр сүйтгэгдэн тоногдсон байна.

Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:

а/ Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2.5метр өндөр, 4900 ам дөрвөлжин метр талбайтай хэрмэн доторх гол сүм

б/ Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин

в/ Цамхаг

г/ 1740 онд бариулсан “Хичээнгүй Амарлингуй гүнж”-ийн шарилын хөшөө зэрэг болно. 1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчим хэд хэдэн газар малтлага хийж, газар дор байсан шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшнаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт гарсан байна.

17-р зууны үеэс нутгийнхан нь Гүнжийн сүм хэмээн нэрлэж иржээ. Б.Ренчин “ Баруун баянгийн хурал” хэмээн тэмдэглэсэн нь хожим 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр энэ сүмд тахилч лам байх тэр цаг үед “Баруун баянгийн хурал” хэмээн нэрлэж байсантай холбоотой. “Баруун баян” хэмээсэн нь тухайн орчны газар нутгийн мартагдаж хуучирсан нэр болов уу?. Энэ сүмийн барилга 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг анх 1941 оны 11 сарын 13-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.

 

Хөдлөх дурсгал

ГҮНЖИЙН СҮМ БОЛОН ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖТЭЙ

ХОЛБОГДОХ ҮЗМЭР, ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛС

Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйл Монголын үндэсний музей болон Төв аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Төв аймгийн музейд Гүнж болон Гүнжийн сүмтэй холбогдолтой эд хэрэглэл, барилгын тоосго, дээврийн хөх ваар, хадаас зэрэг хадгалагдаж байна.

1.Гүнжийн шүүгээ /Гүнжийн аяганы ширээ/

Улаан модон, шургуулгатай, голдоо цэцгэн суурь бүхий алтан боронзон хээтэй. Тавцандаа хашлагатай, хашлагыг сийлбэрлэж хийсэн. Дөрвөн хөлтэй уг ширээг мод углуургадан нааж хийсэн, гуулин бариул тоног чимэглэлтэй модон сийлбэр, 4 шургуулгатай. 50.5 см урт, 38.5см өргөнтэй, нийт өндөр нь 35.5см, 8400 орчим клограмм жинтэй. XYII зууны сүүл, XYIII зууны эхэн үед Түшээт хан Чахундоржийн ач хүү Дондовдоржийн хатан, Манжийн Энх-Амгалан хааны охин “Хичээнгүй Амарлингуй” гүнжийн хэрэглэж байсан эдлэл хэмээн үзэж 1960 онд үзмэрт авсан.

2.Аяга, Зүү утасны сав

Судлаач З .Оюунбилэг, Ж. Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номондоо  “Зүү утасны сав”-ыг Чингийн үеийн цайны сав болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд сав болон аяга нь cloisonne паалантай” гэж тодорхойлсон байна.  Сloisonne гэдэг нь эд зүйлийн гадаргуу дээр үнэт металл утсаар загварын дагуу зургийг гаргаж, түүнийг паалангийн зуурмагаар дүүргэж бүтээсэн чимэглэлийн паалангийн урлаг юм. Гүнжийн хэрэглэж байсан цайны сав, аяганы паалан унасан хэсгийг ажиглахад Cloisonne паалангийн урлалын техник мэдэгдэнэ. /З .Оюунбилэг, Ж. Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номын 143, 144-р тал/

Гүнжийн аяганы өндөр нь 5.4см, диаметр нь 10.5см:

Гүнжийн зүү утасны савны өндөр нь 8см, диаметр нь 7.6см хэмжээтэй.

3.Бурханы хөрөг

Баргилт чулуун дээр Манзушир болон цагаан арслан хөлөглөсөн Сэнгэ да Жанрайсиг бурханы дүрийг товойлгож сийлсэн нэгэн жижиг хавтан. Урт нь 17.5см, өргөн нь 11см, зузаан дээд тал нь 1.5см, доод тал нь 2.5см, 870 гр жинтэй. Судлаач З .Оюунбилэг, Ж. Наранчимэг нар “Гүнжийн сүм” номондоо  “«Баргилт чулуу нь хялбар ойлголцох, бусдын зовлон зүдгүүрийг ойлгох чадвартай болгоход тус болдог гэж үздэг учраас эрт үед баргилтаар хийсэн эдээр тахилга үйлддэг байсан уламжлалтай» хэмээн тэмдэглэсэн буй. Дээрхээс үзэхэд тахилын зориулалттай хийсэн, тахилын сүмд байсан эд бололтой” гэж тодорхойлжээ.

Манзушир бурхан нь хамаг бурхадын эрдэм мэдлэг, билэг оюуныг, Жанрайсэг нь хамаг бурхадын энэрэн нигүүлсэлийг эрхшээсэн язгуурын гурван бурханы 2 нь бөгөөд нөгөө нь Очирваань буюу хамаг бурхадын хүч чадлыг төгс эрхшээсэн бурхан юм. Язгуурын гурван бурханыг гурвуул болон хоёроор нь хамт дүрсэлдэг байна.

  1. Бугуйвч

Чулуун зэвсгийн үеэс өнөө хүртэл дэлхий дахинаа нэлэнхүй дэлгэрсэн бугуйн тушаа гартаа зүүх үнэт эрдэнийн нэг гоёлын эдлэл Мөнгөн хос бугуйвч. 1983 онд Төв аймгийн Баянцогт сумын иргэн Дорж овогтой Доржсүрэнгийн хүсэлтээр Гүнжийн хэрэглэж байсан алт шармал хос мөнгөн бугуйвчийг 1000 төгрөгөөс музейн үзмэр болгон худалдан авсан. Бугуйвч нь хагас дугуй бөгөөд бугуйвчны эргэн тойрон цэцэг, навч болон түгжээний хоёр талд өлзий хээг товойлгон цутгасан алт шармал мөнгөн нугас, түгжээтэй. Мөн бугуйвчны дотор талд хятад ханз бүхий дардастай. Бугуйвчны урт нь 6.5 см, жин нь 80 гр, зузаан нь 1.3см

 

Ашигласан материал:

  1. Төв аймгийн музейн 1996 оны сан хөмрөг, үзмэрийн тооллогын бүртгэл
  2. Оюунбилэг .З , Наранчимэг .Ж “Гүнжийн сүм” УБ. 2016

Бэлтгэсэн: Төв аймгийн Музейн

ЭША Ц.Цэцэгжаргал