2018 оны 03 сарын 20-22-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд Наурызын баярыг тохиолдуулан тус суманд оршин суугаа Казах үндэстний угсаа гарвал, уламжлалт ёс заншлын судалгаа хийхээр Музейн захирал Б.Сүхбаатар, БМС Г.Дагмидмаа, Арга зүйч С.Сувдаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар ажиллаад ирлээ.

Тус суманд 120 өрхийн 460-аад Казах иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 60-аас дээш насны 30-аад иргэн байна. Тэдгээрийн төлөөлөл болох Н.Жакей, А. Бүргэд, А.Сархад, зэрэг ахмад настангуудтай уулзаж Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд тэдэнтэй угсаа гарвал, уламжлалт ёс заншил, хувцас, хоол, болон  Казах үндэстний “Тулам булаалдах”,  “Мөнгө шүүрэх”, “Кыз Куар” зэрэг  тэмцээнүүдийн талаарх ярилцлагыг хийж судалгааны материал бүрдүүллээ. Энэ нь Төв аймгийн музейн Музейн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, угсаатны эд өлгийн цуглуулгын сан хөмрөгийг иж бүрдүүлэх зорилготой анхны судалгаа юм. 

Казах үндэстэн Монголд нэгдсэн түүхээс: Казахстан улс нь казахуудын уугуул нутаг бөгөөд 1897 онд Казахууд хүн амын 73.9% нь байсан бол 1959 онд 30% хүртлээ буурч 1990-ээд оноос нэмэгдэн, 2009 оны байдлаар 65%-д хүрээд байгаа билээ. Казахстанаас гадна Орост (Астрахань, Волгоград, Самара, Оренбург, Челябинск, Курган, Тюмень, Омск, Новосибирск, Алтайн хязгаар) 1.3 сая, Хятадад (Шинжиан Уйгарын өөртөө засах орон болон Хөх нуур, Ганьсу мужид Казахын өөртөө засах Или /Или тарвагатай/ муж, Бар хөл, Мори, Аксайн өөртөө засах дүүрэг) 1.1 сая Казахууд оршин суудаг. Мөн Узбекстаны Каракалпакстан болон Ташкент орчим (бага жузийн Адай овгийнхон), Ираны хойд хэсэг Голестанд цөөн тоогоор амьдран суугаа билээ.

XVII зууны эхээр Монголын ойрад аймаг /Зүүнгар улс/ Казахын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн феодалууд халдан түрэмгийлснээс Казахын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Шинжааны Манж чин улсын харьяат болж 1780 оноос Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Казахын хүн ард манж-хятадын болон феодалуудын дарлалд нэрвэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Шинжаанд бослого үймээн дэгдэж түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд руу Казах иргэд нүүдэллэн ирдэг байснаа 1867-1870 онд отог омгоороо шилжин нүүх хөдөлгөөн өрнөж нүүдэллэн Ховд нутагт бүрмөсөн  шилжин нутаглах  болсон[1].

Л.Дэндэвийн “Монголын товч түүхэнд” дурдсанаар “1912 онд… хасгийн хэдэн ноёд … албат иргэдийн хамтаар Монгол улсад дагаар орж бэлэг ёслолыг хүргэн ирснийг хүлээн авч … тэргүүлэгч нарт тусгай захирах эрх олгож Ховдын сайдын захиргаанд оруулжээ” гэж дурдсан байдаг.

Жантекей овгийн  Бардамын  үе  залгамжлан  захирагч  Жуанган Шеруш,  захирагч  Сүкирбай  нар  Ховдын сайд  Зоригт  Жун Ванаар  дамжуулан  Монгол улсын харъяат  болох  хүсэлтээ Богд хаанд өргөсөн.  Энэ сумын нийт өрх 313,  эрс 325,  эмэгтэйчүүд  406,  хөвгүүд 255, охид 363, үүнээс  нэг хошууны эр, эм, хүүхэд нийлж 1349 хүнтэй, мөн  Шеруш нар ийнхүү байдалтай өргөдөл бичиж Монгол улсын харъяат  болох  өргөдлийг  Богд хаанд өргөснөөр  1917 оны  3 дугаар сарын  23-ны өдрийн  зарлигаар  Казахуудыг Монголын  харъяат болгосон байна[2].   Монгол улсад  Казах  үндэстэн  одооноос 150 –аад жилийн өмнөөс ирж суурьшсан ба  албан ёсоор Монгол улсын  харъяат иргэд  болж  100 гаруй  жил болж байна.  Казах үндэстэн    олноор  төвлөрсөн газар нь  Монголын баруун  хэсэгт байрлах Баян-Өлгий  аймаг бөгөөд   энэ аймгаас гадна  Улаанбаатар хот,  Налайх дүүрэг, Ховд, Төв, Дархан   аймгуудад Казах  үндэстэн хамгийн олон тоотойгоор  амьдарч байна.    2015 оны Монгол улсын  Хүн ам, Орон сууцны завсарын тооллогын мэдээгээр улсын хэмжээнд  Казах үндэстний нийт хүн ам 114506  буюу  Монгол улсын  нийт хүн амын 3.9%-ийг  эзэлж байна. Бүс нутгаар үзэхэд Төвийн бүсийн нийт хүн амын дотор Халх 92.8 хувь,  Баянд 1.5 25.1 хувь, Дөрвөд 1.4 хувийг эзэлж байна. Казахуудын 75.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдарч[3] байна. Казахууд Баян-Өлгий Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудад болон  Улаанбаатар хотын Налайх дүүргийн  нийт хүн амын 30%-ийг  эзэлж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Заамар, Зуунмод, Угтаалцайдам зэрэг суманд Казахууд амьдарч, Төв аймгийн нийт хүн амын 0.9%, Төв аймийн Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумдад голлон амьдарч байна.

Ашигласан ном зүй:

[1] А.Минис, А.Сарай.  БНМАУлсын  Баян-Өлгий  аймгийн  Казак  ард түмний  түүхээс. УБ., 1960. хуудас 8.

[2] Х.Силам, МАХН, Ардын төрөөс  казак урианхайн  дунд хэрэгжүүлсэн   хувьсгалт  ардчилсан өөрчлөлт. Диссертаци. Улсын  нийтийн номын сан, 9/517.3, ДК.С-448. УБ.,1978. хуудас 47-50.

[3] Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо.  Хүн ам орон сууцны 2015 оны завсарын тооллого:  Нэгдсэн дүн. УБ., 2016 он.