2018.07.16

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн  ойг, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадамын хүрээнд хамтатган  2018 оны 7 дугаар сарын 9, 10-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Г. Гомбосүрэнгийн “Амьдрал, уран бүтээлийн уулзалт өдөрлөг”-ийг   аймгийн Солонго цогцолборт зохион байгуулсан бөгөөд уулзалтад Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван нар оролцож энгүй авьяасын ундарга болсон эрхэм хүнийг дурсан, сэтгэлдээ тодрох дурсамжаа эргэн санан, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын театрын музей, Улсын драмын эрдмийн театр, түүний гэр бүлтэй хамтран “АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ” үзэсгэлэнг зохион байгуулж нийт 22 дэсийн 219 ширхэг гэрэл зураг, эд зүйлийг аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн, үзэгч олны оюуны мэлмийг тэтгэсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөсөн.

Үзэсгэлэнгийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар болон Монголы улсын Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, шавь нар болон иргэд оролцлоо. Мөн түүнтэй зэрэгцэн мөр зэрэгцэн ажиллаж байсан болон түүний шавь нар болох МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон түүний үр хүүхэд ач зээ, төрөл садангийн хүмүүс хүндэтгэн оролцож аймгийн музейд “Халзан Тавхай”-н дүрээр хийсэн түүний барималыг бэлэглэсэн.

Тус үзэсгэлэнгээс   Г.Гомбосүрэнгийн амьдрал, уран бүтээлийн замнал, бидний сэтгэлд хоногшин үлдсэн тайзны болон киноны дүрүүд, тухайн дүрийг бүтээхдээ өмсөж байсан хувцас хэрэглэлийг тольдох болно.

Үзэсгэлэн дэглэхэд гүн туслалцаа үзүүлсэн Монголын театрын музей, Улсын драмын эрдмийн театр, Г.Гомбосүрэн агсны гэр бүл, үр хүүхэд, ач зээ төрөл төрөгсөд нь баярласан талархсанаа илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН,

ТӨРИЙН ШАГНАЛТ ГОМБОЖАВЫН ГОМБОСҮРЭНГИЙН НАМТАР 

(1919-2004)

 Г. Гомбосүрэн нь 1918 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг “Далан түрүү”  хэмээх газарт  Дондог мээрэнгийн адуучин цоохор Гомбожавын 3 хүүхдийн отгон хүүхэд нь болон мэндэлжээ.

Г.Гомбосүрэн 13 наснаас орон нутагтаа малчин, төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос хотод Галын аюулаас хамгаалах хэлтэст жолоочоор ажилласан. 1942 онд Улсын төв театрын жүжигчний шалгалтад тэнцэн мөн оноос 2004 онд хүртэл тасралтгүй 62 жил УДЭТ-т ажиллахдаа үндэсний жүжгийн 200 гаруй жүжигт тоглож, гадаадын 10 гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээж, 20 орчим уран сайхны кинонд тоглосон байна.

Г.Гомбосүрэнгийн бүтээсэн анхны дүр нь  “Хатанбаатар Магсаржав” жүжгийн цагаантны офицер болж тоглосноос хойш К.Симоновын “Орос хүн”-ий Смирнов, “Оросын асуудал”-ын Макферсон, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой”-н Юндэн, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Жарантай, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Тавхай, В.Шекспирийн “Гамлет”-ын Клавдий, Э.Войничийн “Овод”-ын Монтанилло, М.Горькийн “Егор Булычев”-ын  Булычев, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”-ийн Нагульнов, “Цогт тайж”-ийн Ахай дайчин, “Нүгэл буян”-ы Шагдар, “Энэ хүүхнүүд үү”-гийн нэгдлийн дарга Жамц зэрэг тайз, дэлгэцийн 220 орчим дүр, мөн ЗХУ-ын /хуучин нэрээр/ М.Горькийн нэрэмжит кино студийн урилгаар “Буцаж ирсэн нь” хэмээн түүхэн кинонд доголон Төмөр хааны дүрийг бүтээсэн байна.

Өсвөр ирээдүй, хойч үеийнхний сүлд модны наадамд  60 гаруй жил өвлийн өвгөний дүрийг бүтээж баясган цэнгүүлжээ. Өөрөө  20 гаруй жүжиг найруулан тавьсны гадна 1993 оноос “Есөн эрдэнэ” ардын бага театр байгуулан, Францын нэрт зохиолч Мольерын “Аргагүйн эрхэнд эмч”, Д.Гармаагийн “Халзан Тавхайн паян” зэрэг зохиолуудаас бүрдсэн “Гэрэл сүүдэр” жүжгүүдийг найруулан тоглуулсан байна. Дэндүү итгэмтгий Отелло, үймээнч Будамшуу, арчаагүй өрөвдөлтэй Лир ван гээд түмэн янзын дүрд хувирч чадсан энэ хүн сэтгэхүйг илчилсэн уран үйлчлэл, чөлөөт хөдөлгөөн, хурц сайхан хэллэгээрээ дүрээ үнэн санаанаасаа амьдруулж өөрийн болгож тоглодгоороо онцгой авьяастай байжээ.

Амьдралынхаа 60 гаруй жилийг монгол түмнээ гэгээрүүлэх, соёлжуулах их үйлсэд зориулан үлгэр жишээ хөдөлмөрлөж, бүтээж ирсэн эгэл эрхэм хүмүүн дэлхийн сонгодог болон Монголын утга зохиолчдын шилдэг олон бүтээлийн гол дүрүүдийг тайзнаа амилуулсан жүжигчний нөр их хөдөлмөрийг төр, засаг үнэлэн 1956 онд Гавьяат жүжигчин цолоор шагнасан. 1964 онд Отелло, Лир вангийн дүрээр нь Төрийн шагнал хүртээжээ. 1968 онд Ардын жүжигчин, 2001 онд Хөдөлмөрийн баатар болсон байна.

 

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ