Монгол улсад сүүлийн жилүүдэд эртний булш, хиргисүүр тонон сүйтгэх явдал газар авч байгаа хэдий ч Монгол улсын холбогдох хууль журмын дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцсон тохиолдол тун цөөн байна.

Манай улсын хууль эрх зүйн орчинд Соёлын өвийг хамгаалах, хадгалах, түүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг хянан шийтгэх талаар тодорхой заалтууд байдаг билээ. Үүнд:

Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13-р бүлгийн 60.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 60.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн 25-р бүлгийн 4.1-д Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 9-р бүлгийн 7.13-т Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтууд байдаг билээ.

Харин Төв аймгийн Архуст сумын нутаг Хустай гэх газраас 2016 оны 3-р сарын 13-ний өдөр Р.Нямсүрэн,  Н.Тананцэцэг, Э.Ууганбаяр, Э.Мандхай нар эртний булш ухсан гэмт хэрэг хохирлын үнэлгээ хийлгэх шинжээч томилох тогтоолыг 2016 оны 5-р сарын 9-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ирүүлсэн билээ. Уг тогтоолын дагуу тус хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин шинжээчийн дүгнэлт гарган тус газарт ажиллах төсвийн хамт явуулсан байна. Мөн Баяндэлгэр сумын Хөх-Ар хэмээх газар эртний булш ухсан тухай мэдээллийг Төв аймгийн Цагдаагийн газраас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ирүүлсэн бөгөөд тус хүрээлэнгийн Хүрэл төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Д.Батсүх шинжээчийн дүгнэлт хийж өгсөн нь хууль журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлэх, хариуцлага тооцох талаар шат дараалалтай ажиллаж байгаа цөөн тохиолдолын нэг юм.

Энэ удаа уг тоногдон сүйтгэгдсэн дурсгалт газруудтай танилцаж, түүнийг нөхөн сэргээх, судалгааны төлөвлөгөө гаргах зорилгоор 2018 оны 9-р сарын 11-ний өдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Батдалай, Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал, Архуст сумын Соёлын төвийн орон нутаг судлах музей хариуцсан мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Баяндэлгэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаа нар хамтран ажиллав.

Төв аймгийн Архуст сумын нутаг дахь Хустын ам, Бугатын эх, Баяндэлгэр сумын Хөх-Ар хэмээх газруудад буй тоногдож сүйтгэгдсэн булшыг газар дээр нь очиж танилцав. Бид дээрх тоногдсон эртний булшнуудыг газар дээр нь очиж танилцан булшны төрөл, он цагийг урьдчилсан байдлаар тогтоох болон буцаан сэргээж булах зорилготой байсан боловч цаг хугацаа булшны тоногдсон байдал зэргээс хамааран буцааж булсангүй ирэв. Гэхдээ бид цаашид доорхи байдлаар ажиллахаар санал болгож байна. Үүнд,

Нэгдүгээрт, Архуст сумын Хустын амны тоногдсон булшны тухайн үед гаргаж хаясан шороо нь байгалийн нөлөөгөөр тарж үгүй болсон.

Хоёрдугаарт, уг булшийг буцаан булахаас өмнө мэргэжлийн түвшинд цэвэрлэн малтаж булшны зохион байгуулалтыг мэдэх, он цагийг нарийвчлан тогтоох.

Гуравдугаарт, Архуст сумын Бугатын эх хэмээх газарт шинээр 5 булш тонон сүйтгэгдсэн байсан.

Дөрөвдүгээрт, Баяндэлгэр сумын Хөх-Ар хэмээх газрын булшийг тухайн үед тоногдсоноос хойш дахиж тонож булшийг 2 м хүртэл гүн ухаж бүрэн сүйтгэсэн байна.

           Иймд бид Архуст сумын Хустын ам, Бугатын эх, Баяндэлгэр сумын Хөх-Ар хэмээх газруудад буй тоногдсон булшийг малтан судалж, сэргээн булах, орчны бүсэд нарийвчилсан хайгуул судалгаа хийж улсын мэдээллийн санд бүртгэн оруулах ажлыг яаралтай эхлүүлэх саналтай байна.