Төв аймгийн музейн зарим соёлын өвийг 3D скайнер ашиглан бүртгэн баримтжуулах, архивлах ажлыг Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хийж байна. 2018 оны 09 сарын 07-08-ний өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ирж скайн, хэмжилт хийж ажиллаа.

3D скайнерын тухай: Соёлын өвийн үндэсний төв нь 2008 оноос Японы мэргэжилтэнтэй хамтран судалгаа хийж, 2012 онд тухайн үеийн БСШУЯ-ны санхүүжилтээр анхны скайнераа авч байсан. Ингээд 2013 онд одоо хүртэл ашиглаж байгаа скайнераа Японы засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд авсан. Энэ маш өндөр нягтаршилтай, өндөр өртөгтэй скайнер юм. 2015 оноос хойш Солонгосын соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнтэй хамтран барилга архитехторын дурсгалыг скайнердаж, хамгаалж авч үлдэх чиглэлээр ажиллаж эхэлсэн байна.2016 оноос 3D тусгай скайнер ашиглан соёлын үнэт өв, түүхэн дурсгалуудыг модель болгож, баримтжуулан үлдээж эхэлсэн. Монгол орны өнцөг булан бүрт устаж, үгүй болж, хулгайд алдагдах магадлалтай соёлын үнэт өвийг бид энэ технологийн тусламжтайгаар, маш өндөр нарийвчлалтайгаар компьютерт модель болгон хадгалж, нөхөн сэргээх боломжтой болж буй.

Соёлын өвийг 3D технологи ашиглан баримтжуулан авч үлдэхийн ач холбогдол

Нэгдүгээрт: баримтжуулан, архивлан хадгалах. Бүртгэл мэдээллийг цуглуулаад хойч үедээ соёлын өвийг өвлүүлэн үлдээхэд шаардлагатай мэдээллийг архивлаж хадгалах юм. Соёлын өвийг хамгаалах хуулийн бүртгэл мэдээллийн тухай заалтад “Тухайн соёлын өв устаж үгүй болсон эсвэл хэсэгчлэн гэмтэх, мартагдсан тохиолдолд сэргээж чадахуйц мэдээллийг олж сан үүсгэж хадгалах ёстой” гэсэн байдаг.

Хоёрдугаарт: 3D технологийн тусламжтайгаар баримтжуулж авсан соёлын өвийг судалгаа шинжилгээнд ашиглах бүрэн боломжтой болж байна гэсэн үг.
Гуравдугаарт: Судалгаа шинжилгээнээс гарсан мэдээллийг ашиглан контент боловсруулаад, олон нийтэд соёлын өвийг сурталчлан таниулах боломжтой.
Дөрөвдүгээрт: Сэргээн засварлах ажлыг хийнэ.