АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр буюу 10 сарын 15-нд боллоо. Аймгийн Музейгээс шинэ байрны нээлтэнд зориулж 2018 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд Театрын үүсэл, хөгжил, театраас төрөн гарсан Монгол улсын Гавьяат нарыг мөхжүүлэх зорилгоор гэрэл зургийн болон холбогдох  эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэдэд тайлбар хийж  ажиллаа. Үзэсгэлэнд нийт аймгийн Музейн сан хөмрөг, МТТеатрын архив, Театрын музейн сан хөмрөг, МУГЖ Р.Банзрагч, МУГЖ Ч.Ганхуягийн гэргий Алтанчимэг, МУГЖ Нямсүрэнгийн гэргий Өлзий, МУГЖ Д.Вандан, Д.Дуламсүрэн, С.Цэнгэлмаа зэрэг 10 хүнээс нийт 200 гаруй эд зүйлсийн цуглуулага хийсэн бөгөөд үүнээс 120-иадыг нь дэлгэн тавьсан.

Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай,  орон нутаг дахь хамгийн том театр болж  байгаа бөгөөд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын “Рендербау” ХХК барьж, гүйцэтгэсэн байна.

Түүхэн товчоон: Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрчээ. 1952 онд байгуулагдсан 350 хүний суудалтай Соёлын ордон 66 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ийнхүү орчин үеийн техник технологийн шийдэлтэй шинэ байртай болж байгаа юм.  Тус Соёлын ордон 1982 онд Хөгжимт драмын театр болж, “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд “Монгол туургатан” театр, 2009 оны 08 сарын 14-нд Монгол улсын Засгийн газрын 254 дүгээр тогтоолоор Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит болжээ.

Төв аймаг, тус театрын тайзнаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, МУГЖ Ш.Эрдэнэчулуун, МУГЖ Б.Гүрбазар, МУГЖ Г.Нямсүрэн, МУГЖ Д.Жанцанчой, МУГЖ, зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ Х.Далантай, МУГЖ З.Батсүх, МУГЖ Р.Батсүх, МУГЗ Ч.Ганхуяг нарын зэрэг олон арван алдартан төрөн гарчээ. 

 

Leave a Reply